Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

ДЕПУТАТУУД АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН САЙН ХУУЛЬ БАТЛАХ НЭГЭН ЗОРИЛГОД НЭГДЭЖ ЧАДСАН

2023-01-11

Депутатууд ард түмнийхээ эрх ашигт нийцсэн сайн хууль батлах нэгэн зорилгод нэгдэж хуулийн бүлэг заалт, үг, үсэг бүр дээр ихээхэн цаг хугацаа зарцуулж байсан боловч гарцыг нь олж зөв шийдэл дээр санал нэгдэж чадсан юм. Улс орныхоо хувь заяаг шийдэх ийм чухал асуудлыг олон хүн санаа бодлоо уралдуулан хэлэлцэж нэг шийдвэрт хүрэх үйл явц их нарийн төвөгтэй байсан боловч энэ үйл явцад суралцах, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг оновчтой зөв зохион байгуулах, тухайн үед байж болох хамгийн зөв шийдэл томьёоллыг олж, олонхоороо дэмжүүлэх гэдэг нь өөрөө маш нарийн ажил байснаас цаг хугацаа их зарцуулсан байдаг юм.

Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад ард олны амьдралын бодит нөхцөл, тэдний хүсэл эрмэлзлийг сайн мэддэг тэр олон депутатууд, улс орноо хөгжүүлэх чин сэтгэлээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан ба тэдний саналаас илүү оновчтойг гярхай харж төсөлдөө тусган, төслийг сайжруулан боловсруулж байсан Улсын бага Хурлын гишүүд бол улс түмнийхээ сайхан ирээдүйн хууль зүйн үндэс суурийг тавих чин сэтгэлдээ хөтлөгдсөн, хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө ажиллах бодлын үнэр ч байхгүй, маш цэвэр улс төрчид байсныг санахад сайхан байна. 

Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанд 423 депутат оролцож 10 хоног, хоёрдугаар хуралдаанд 420 депутат оролцож 76 хоног хуралдсан ба хоёрдугаар хуралдаан нь эхний хурлаасаа хэлэлцсэн асуудал, уур амьсгалаараа хэд дахин хэцүү болсон. Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын Их цааз, БНМАУ-ын Их засаг хууль гэсэн 2 хувилбараар, Үндсэн хуулийн хавсралт хуулийг нэг хувилбараар хэлэлцсэн. Энэ бүгдийг олон хувиар дахин дахин бэлтгэх, өдөр тутмын асар олон санал, шүүмжлэл, зарим бичгийг цаг хугацаа алдалгүй хянах, хэвлэх, баримт бичгүүдийн эхийн утга, учрыг таниулах, зөвшилцөх зэрэг нөр их ажлыг гайхамшигтай сайн зохион байгуулж, гүйцэтгэж байсан Улсын Бага хурал, Засгийн газар, тус их хурлаас томилсон бүлэг, хэсэг, комисс, хороодод ямагт баярлаж, сэтгэлдээ хүндэлж явах ёстой гэж боддог.

Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг оруулахын тулд нилээд идэвх санаачилга гарган ажиллах шаардлага тулгарч улмаар Гавьяат мал зүйч Д.Лхагвасүрэнгээр ахлуулсан хэсэг нөхөд олон удаа босож, тайлбар хийж хурал хаях мэдэгдэл хүртэл хийж хичээн зүтгэснийхээ хүчинд энэ заалтыг үндсэн хуулинд оруулсан байна. Одоо мал нь гоц халдварт өвчин, ган зудад нэрвэгдэн хүчин мөхөсдсөн малчид төрөөс нөхөн олговор авч байгаа нь үндсэн хуулийн энэ заалтын үр дүн юм шүү. 

Шинж үндсэн хуулийг хэлэлцсэн АИХ-ын 429 депутат нь олон намын бүрэлдэхүүнтэй, олон ургалч үзлийг уралдуулсан нэг үзэл бодолд төвлөрсөн сайн хууль батлахын төлөө хүмүүс өдөр шөнөгүй ажилласан юм. Онцлог нь нам, эвсэл, хувийн эрх ашиг, баян компанийн болон хэсэг бүлгийн төлөө гэсэн үнэр ханхлаагүй, жинхэнэ шударга ажилласан депутатуудын гараар бүтсэн юм.

Цаашид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ардын Их Хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан эрхмүүдээ алдаршуулж тэдний түүх намтарыг сурталчилсан ХҮНДЭТГЭЛИЙН БУЛАН гаргахаар төлөвлөж байна.

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хугацааг сунгахыг дэмжих үү?

санал өгсөн: 24
23 / 96%
1 / 4%